Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

4,1 САЯ ЕВРОГИЙН ӨРТӨГ БҮХИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2024-05-20 16:20
 1 мин

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” 4,1 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд 35 иж бүрдэл тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх ёслол /2024.05.20/ УНТЭ-ийн талбайд боллоо.

Машин хүлээлгэн өгөх ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Стефан Хейнович болон эрүүл мэндийн салбарынхан оролцлоо.

С.Чинзориг сайд ёслолын нээлтэд хэлсэн үгэндээ БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарыг дэмжин урт хугацааны туршид үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэнд талархал илэрхийлээд “Эрүүл мэндийн яам нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Дэлхий даяар КОВИД-19 цар тахал дэгдэж, мөн Украины дайны нөхцөл байдлын улмаас төслийн хэрэгжилт удааширсан ч өнөөдөр түргэн тусламжийн автомашинуудаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөд бэлэн болсонд баяртай байна” гэв.

Уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн 33 түргэн тусламжийн автомашин, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, засвар үйлчилгээ хийх зориулалттай Pick up загварын 2, нийт 35 автомашиныг нийлүүлэхээс эхний ээлжийн 20 машиныг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч байгааг сайд онцлоод “Түргэн тусламжийн эдгээр машин нь яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч зэрэг 22 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.

Мөн Pick up загварын 2 автомашин нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах 5 нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноороо Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийх боломж бүрдэж байна” гэсэн юм.

Эхний ээлжийн 20 машиныг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудад өгч буй юм.

Төслийн хүрээнд Польш Улсын “Stolarczyk Miroslaw Technologia Pozarnicza” компанитай “Supply of customized ambulance in rural areas” MOH/2021-005-0723 дугаартай 4,15 сая еврогийн үнийн дүнтэй гэрээ байгуулж түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашинаас гадна молекул биологийн иж бүрэн 11 лабораторийн тоног төхөөрөмж, 3 суурин рентген аппарат болон бусад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.