Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн захиргаа, УНТЭ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Одонгоо зүү ээжүүд ээ” арга хэмжээг 6 дугаар сарын 3-ны өдөр УНТЭ-ийн хурлын танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “УНТЭ хэмээх том айлын эгнээнд багтаж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй ажиллахын зэрэгцээ ар гэрийнхээ энэ их том хүндтэй үүргийг хүлээж, олон хүүхэд төрүүлж өсгөж улсаараа үнэлүүлсэн эрхэм ээжүүд та бүхэндээ УНТЭ-ийн захиргаа, ҮЭХ, нийт ажилтнуудынхаа нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж байна. Та бүхнээр бид бүхэн бахархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөе” хэмээв.
Арга хэмжээнд УНТЭ-д ажилладаг Алдарт эхийн 1, 2 дугаар одонтой 50 гаруй ээж оролцсон юм. Арга хэмжээний үеэр СТА, дуучин Ундрал ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ үеэр УНТЭ-ийн Одонтой ээжүүдийг төлөөлөн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
