'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийг Олон улсын Тусгай олимпын хорооноос шагналаа

2018-11-27 10:07
 1 мин

Улсын нэгдүгээр төв эмнэлгийг Олон улсын Тусгай олимпын хорооны дэргэдэх “Голисано” сангийн нэрэмжит Эрүүл мэндийн манлайлагч байгууллага шагналаар шагналаа. Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Тусгай олимпын хороонд 170 гаруй орон гишүүнээр элссэн байдаг. Тэдний дундаас манай улсын Нэгдүгээр эмнэлгийг энэхүү үнэ цэнэтэй шагналаар шагнав. Энэхүү шагналыг Тусгай олимпын хорооны тамирчдын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Жавзандулам болон тусгай олимпын хорооны тамирчин Э.Гүнжсүрэн, М.Оргил нар гардуулан өгсөн юм.

Улсын төв нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирал Клиникийн профессор АУ-ы магистр Д.Чулуунбаатар “Олон улсын Тусгай олимпын хорооноос манай эмнэлгийг Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг манлайлж оролцсон хэмээн бидний үйл ажиллагааг өндрөөр үнэлж шагнаж байгаад маш их баярлаж байна. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд тэмцээн уралдаанд оролцохдоо бусад хүүхдүүдийн адил байдаг шүү гэдгийг харуулахын тулд эрүүл мэндийг нь сахин хамгаалах үүднээс үзлэгт оруулж, зөвлөгөө өгснийг маань үнэлж байгаа юм байна. Маш их баярлалаа. Хүүхдүүддээ сурлагын, спортын өндөр амжилт хүсье ээ. Та бүхний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд Улсын нэгдүгээр төв эмнэлэг байнга бат зогсоно шүү гэж хэлмээр байна” гэсэн юм.

2020 оны гуравдугаар сарын 14-21-ий хооронд АНЭУ-д олон улсын зуны Тусгай олимп зохион байгуулагдана. Энэхүү наадамд манай улсаас оюуны бэрхшээлтэй 21 тамирчин, тэдэнтэй хамт тэмцээнд оролцох долоон тамирчин оролцох билээ. Эдгээр тамирчдын бэлтгэл сургуулилалтаа саадгүй хийх, тэмцээндээ амжилт үзүүлэх боломжоор хангаж, эрүүл мэндийг нь сахин хамгаалах үүргийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг сайн дураараа хүлээгээд буй юм.
Тус эмнэлгийн зүгээс тамирчдын эрүүл мэндийг хамгаалахын хамт тусгай 63 дугаар сургуульд эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байсан зэрэг нь энэхүү шагналыг хүртэх томоохон үзүүлэлт болсон юм.

Тусгай олимпын тамирчдыг эмчлэх зөвлөх эмч нарт зориулсан семинар энэ жилийн нэгдүгээр сард Тайванд болоход манай улсаас дөрвөн эмч хамрагджээ. Тэдний хоёр нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажилладаг. Чих хамар хоолойн эмч С.Нэргүй, Хэрх үе судлалын тасгийн эмч Н.Энхтайван нар Тусгай олимпын зөвлөх эмчээр бэлтгэгджээ.

Эх сурвалж: https://newspress.mn -ээс