Өнгөрсөн долоо хоногт УНТЭ-ийн Нүдний тасгийн түүхт 90 жилийн ойн баярын өдрүүд тохиолоо. 90 жилийн ойн хүрээнд нүд судлалын салбарын мэргэжилтнүүд чуулж 90 жилийн түүхэн алдаа оноогоо хэлэлцэж цаашдын нүд судлалын салбарын хөгжлийн талаарх асуудлаа ч ярилцлаа.
90 жилийн ойн баярын хуралд үе үеийн ахмад мэргэжилтнүүд гадаад дотоодын төлөөлөгчид оролцохоос гадна Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл болон УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар нарын төлөөлөгчид оролцож хуралд оролцогчдод баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Эхний он жилүүдэд С. М. Баркман, Брук, Г. Е Плимак нарын зөвлөлтийн эмч нар нүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан байна. Харин 1938 онд нүдний салбарын анхны сувилагч Сүхээ, 1948 онд нүдний салбарын анхны их эмч Нямаа нар ажиллаж эхэлсэн цагаас хойш шил шилээ дарж гарсан үндэсний их эмч нар, “алтан” үеийн бичил мэс засалчид олон их гэдгийг салбарынхан ярьж байна. Монгол улсад нүд судлалын алба үүсч хөгжсөний 90 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт үндэсний мэргэжилтэн, боловсон хүчин олноор бэлтгэгдэж, дэлхийн жишигт хүрсэн шинэ эмчилгээний арга, технологийг нэвтрүүлж оношлогоо, эмчилгээ бүгдийг эх орондоо хийж чадах бие даасан хүчирхэг салбар болтлоо хөгжсөн түүхэн амжилтаа ахмад эмч нар бахархан ярилаа.