'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

ЭВЭРЛЭГ БҮРХҮҮЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.

2026-06-16 12:12
 1 мин унших
ЭВЭРЛЭГ БҮРХҮҮЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Нүд Судлалын Мэс Заслын Тасгийн хамт олон АНУ-ын төвтэй Virtue Foundation-ийн эмч нартай хамтран 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй нийт 42 эмчлүүлэгчдэд үзлэг, оношилгоо хийлээ.

Үзлэгийн үр дүнд хараа нь эрс буурч, эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслын заалттай 6 эмчлүүлэгчийг сонгон, өндөр түвшний нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийж, хараа сэргээх боломжийг бүрдүүлэв.

3 эмчлүүлэгчдэд эвэрлэг бүрхүүлийг бүтэн давхаргаар нь шилжүүлэн суулгах мэс засал (Penetrating Keratoplasty – PKP)

3 эмчлүүлэгчдэд эвэрлэгийн эндотелийн давхаргыг шилжүүлэн суулгах мэс засал (Descemet Stripping Endothelial Automated Keratoplasty – DSEAK)

Эдгээр мэс заслыг Virtue Foundation-ийн эвэрлэг, болрын мэс засалч Dr. Leela Raju, УНТЭ-ийн Эвэрлэг, болрын мэс засалч Т.Ундармаа, нарын удирдлага дор Нүд Судлалын Мэс Заслын Тасгийн эмч, резидент эмч, сувилагч, асрагч нар,  УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, Хагалгааны Нэгдсэн Тасгийн сувилагч, асрагч нар болон бусад мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад эвэрлэг бүрхүүлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчдэд эх орондоо өндөр чанартай тусламж үйлчилгээг авах боломжийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монголын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийн суурийг тавихад онцгой ач холбогдолтой байлаа.

Хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн Virtue Foundation-ийн эмч, мэргэжилтнүүд болон энэхүү үйл ажиллагаанд хүчин зүтгэл гарган оролцсон нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээрх хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжих болтугай.