ГЭТ-ийн үзүүлэх эмнэлзүйн тусламж, үйлчилгээ
УНТЭ-ийн ГЭТ нь элэг, цөс, нойр булчирхай, улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдэсний эмгэгийг оношилж, эмчлэхийн зэрэгцээ хоол боловсруулах дээд, доод замын дурангийн бүх төрлийн оношилгоо, эмчилгээг хийдэг. Үүнд:
- Ходоод, улаан хоолой, бүдүүн гэдсийг дурандах (gastroscopy,
- Эдийн шинжилгээ авах (biopsy)
- Бүх төрлийн цус алдалтыг тогтоох (injection, endoclip, electro and argonplasma coagulation)
- Улаан хоолой, ходоодны өргөссөн судсыг боох (EVL)
- Ходоодны өргөссөн судсыг хатаах эмчилгээ (Sclerotherapy)
- Улаан хоолойн нарийслыг тэлэх (Balloon dilitation)
- Ур, ургацаг авах (EMR)
- Ходоодны хавдрын эрт үеийн салст хуулах эмчилгээ (ESD)
- Цөсний ерөнхий цоргыг сэтгүүрдэх оношилгоо, эмчилгээ (ERCP)
- Унтуулгатай дурангийн оношилгоо, эмчилгээ
- Дурангийн хэт авиан оношилгоо, эмчилгээ (EUS)
- Дурангийн оношилгоо, эмчилгээний яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлдэг.
Мөн элэг шилжүүлэн суулгах эмчилгээг монгол улсад нэвтрүүлж, нутагшуулахад оролцон өөрийн оронд болон гадаадын улс орнуудад элэг шилжүүлэн суулгуулсан 400 гаруй иргэний эмчилгээний дараах насан туршийн хяналтыг хариуцан ажиллаж байна.
Тус төв нь УНТЭ-ийн төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд оролцож жил бүр 25-30 дотрын эмч, гастроэнтерологийн мэргэшил олгох 2-4 эмчийг сургаж төгсгөдөг ба хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэгүүдийн чиглэлээр судалгаа хийж, жилд 2-3 улсын хэмжээний болон олон улсын хурал, мэргэжлийн сургалтууд, хөдөө орон нутагт ажлын байрны сургалтуудыг зохион байгуулж, оношилгоо, эмчилгээний удирдамж, заавруудыг шинэчлэн боловсруулахад оролцдог. Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын үеийн элэгний эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.
Тайвань улс, УНТЭ, АШУҮИС-ийн хамтарсан “Монгол улс дахь гепатитын дельта вирүсийн тархвар судлал, урьдчилан сэргийлэлтийн стратеги” ШУТС-ийн төсөл, дэлхийн 80 гаруй оронд хийгдэж буй элэгний дельта вирүсийн эмчилгээний “D-LIVR” төсөл зэрэгт оролцон судалгаа, шинжилгээний ажлууд үргэлжлэн хийгдэж байна.
МУ-ын ЗГ-ын “Элэг бүтэн Монгол”, “ Эрүүл Монгол хүн”, “Элэгний ба ходоодны хорт хавдрын эрт илрүүлгэ” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг УНТЭ дээр зохион байгуулж, иргэдийн төдийгүй эмнэлгийн ажилчдын гепатитын вирүсийн эсрэг эмчилгээ, хяналт, элэг, ходоодны хорт хавдрын эрт илрүүлгэ, оношилгоо, эмчилгээг хариуцан ажиллаж байна. Үүнд:
- Элэгний хавдрын үеийн судас бөглөх (TACE)
- Түлэх (RFA)
- Цөс, нойр булчирхайн хавдрын үеийн тэлэгч стент (stent) тавих
- Хэвлийн гаднаас цоргонд гуурс байрлуулах (PTBD) зэрэг ангиографийн эмчилгээний ажилбаруудыг хийдэг.
Тус төв нь БНСУ-ын Аsan medical center, Ионсей, Сөүлийн Их Сургуулийн эмнэлэг, Дэгү хотын KNUH, Тайваний үндэсний их сургуулийн эмнэлэг (NTU), Veterans, Cathay General Hospital, БНЭУ-ын Фортис зэрэг эмнэлгүүдийн гастроэнтерологийн ба элэгний төвүүдтэй гадаад харилцаатай хамтран ажилладаг. Мөн БНСУ, Тайвань улсын элэгний, гастроэнтерологийн ба дурангийн нийгэмлэгүүд, Ази, Америкын эрхтэн шилжүүлэн суулгах холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ өөрийн орны мэргэжлийн нийгэмлэг, холбоодуудтай хамтран ажиллаж байна.