
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бид 2008-н оноос хойш 2025 он хүртэл УНТЭ-ийн мэс заслын тасагт хиймэл үе солих мэс засал, үений дурангийн мэс засал, мөчдийн гэмтлийн мэс засал, мөчдийн тэнхлэг засах мэс засал, үе дайрсан хавдрын мэс засал зэрэг мөчдийн олон төрлийн мэс засал хийж байна. Дунджаар 7 хоногт 20-25, сард 80-100, жилд 900-1000 мэс засал хийж байна.
Манайд мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчидэд судалгаа хийж гарсан нийт хүндрэлүүдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудын байдалтай харьцуулахад тохиолдсон хүндрэлүүдийн тоо бага буюу зарим хүндрэлүүд огт гараагүй байна.
ТӨВИЙН ЗОРИЛГО
Тус төв нь үе мөч, холбогч эдийн гаралтай өвчнийг судлах, оношлох, эмийн болон мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх зорилготойгоор 2011 онд нээгдсэн. Одоогийн байдлаар 5 мэс заслын эмч, 3 ревматологи эмчийн бүрэлдэхүүнтэйгээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулж байна.
ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Мэс заслын клиникийн үйл ажиллагаа
Үе сэргээх төвд ихэвчлэн өвдөг, түнхний хиймэл үе суулгах мэс засал, хөлийн тэнхлэг засах, согог засал, яс үений идээт өвчний үеийн мэс заслын болон эмийн эмчилгээ, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийдэг.
Үйлчлүүлэгчийг амбулаториос эхлэн үзэж, шаардлагатай шинжилгээ-оношлогоог бүрдүүлэн, өөрсдөө гардан мэс заслыг хийн, мэс заслын дараах хяналтыг үргэлжлүүлэн хийдэг тогтолцоог хэрэгжүүлж байна.
Ажлын бүх өдрүүдэд 13.30-17.30 цагуудад хагас өдрийн амбулаторийн үзлэгийг тогтмол хийж байна. Мэс засал хийсэн өвчтөн бүрт мэс заслын дараах хяналтын үзлэгийг амбулаториор хийж хэвшсэн.
Хэрх үе судлалын клиникийн үйл ажиллагаа
Ажлын бүх өдрүүдэд бүтэн өдрийн амбулаторийн үзлэгийг тогтмол хийж байна. Үе мөч, холбогч эдийн гаралтай өвчнийг оношлох, эмийн болон нөхөн сэргээх эмчилгээг амбулатори болон стационарийн түвшинд хийдэг. Эмчилгээний хяналтын үзлэгийг амбулаториор хийж байна.
Шинээр нэвтрүүлсэн эмчилгээ оношлогооны аргууд
- 2008 онд ясны архаг идээт үзэвслийн үед антибиотиктой ясны цемент хэрэглэх шинэ технологийг нэвтрүүлсэн.
- 2009 онд хоёр өвдөгний үеийг зэрэг хиймэл үеэр солих мэс засал хийсэн.
- 2010 онд түнхний үенд Hemi Arthroplasty – түнхний үеийг хагас солих мэс заслыг хийж эхэлсэн.
- 2011 онд “Helmetsystem” буюу “Мэс заслын дуулга”-ыг ортопедик мэс засалд нэвтрүүлсэн. “Helmetsystem” нь мэс заслын үеийн халдвараас сэргийлдэг чанарын нэг баталгаа юм.
- 2012 онд хоёр өвдөгний үенд 2 мэс засалч нэгэн зэрэг мэс засал хийсэн. Урьд нь хоёр өвдөгний үеийг зэрэг солихдоо цуварч мэс засал хийдэг. “Helmetsystem”-ийг нэвтрүүлснээр 2 мэс засалч нэгэн зэрэг мэс засал хийх боломжтой болсон. Энэ нь мэс заслын хугацааг 2 дахин богиносгодог.
- 2012 онд Хагалгааны дараа гарсан цусыг , өвчтөнд өөрт нь буцааж юүлэх , CBC аппаратыг 2 үений хагалгаанд зэрэг орсон өвчтөнд ашиглаж эхэлсэн
- 2012 онд эрхтэн хадгалах мэс засал – хавдрын хиймэл үе /Өвдөгний үе дайрсан хавдарт- Зураг 2/
- 2016 онд эрхтэн хадгалах мэс засал – хавдрын хиймэл үе /ТҮНХНИЙ ҮЕ дайрсан хавдар -Зураг 1/
- 2016 онд Залуу хүнд зориулсан, яс хадагалах зорилготой шинэ жижиг хиймэл түнхний үе-SPIRON суулгах мэс засал (Зураг 3)
- 2017 онд Хөлийн тэнхлэг засах мэс засал буюу майга (варус) эсвэл Х-хэлбэрийн (валгус) хөлний тэнхлэгийг засах мэс засал хийж эхэлсэн.