Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

“ААВ, ЭЭЖИЙНХЭЭ АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

2024-04-17 07:54
 1 мин

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эцэг эхийн зөвлөлөөс эмнэлгийнхээ ажилтан, албан хаагчдын 12 дугаар ангид суралцдаг хүүхдүүдийн дунд “Аав, ээжийнхээ ажилтай танилцах өдөрлөг”-ийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж УНТЭ-ийн Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Түвшинтөр үг хэлж, сурагчдад талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсэв. Мөн тэрээр УНТЭ-ийн ажилтан, албан хаагчдын 12-р ангид суралцдаг сурагчдын дунд хувь хүний дотоод бодол санаа, эргэцүүлэн тунгаах бодох, бичих, бүтээлч байдлыг сайжруулах, цаашид олон улсын шилдэг их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад туслах зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зарлаж байгаа талаар мэдээлэл өглөө. Шалгарсан нэг шилдэг сурагч зөөврийн компьютерийн эзэн болох юм.

Үүний дараа Монгол Улсын Ардын эмч, дэд профессор, УНТЭ-ийн ЦЭСЧШСТ-ийн зөвлөх эмч Н.Оюундэлгэр сурагчдад зориулан “Харах өнцөг өөрчлөгдвөл хандлага өөрчлөгдөнө” сэдвээр хүндэтгэлийн лекц уншив. Үүний дараа УХСТ-ийн их эмч Г.Анхболд “Цахилгаан тамхины хор уршиг” сэдвээр сурагчдад мэдээлэл өглөө.

Өдөрлөгийн гол зорилго нь ахлах ангийн сурагчдад аав, ээжийнх нь ажлын байрны онцлогийг танилцуулах, цаашлаад мэргэжил сонголт хийхэд нь туслахад оршиж байв. Өдөрлөгийн үеэр сурагчид таван өртөөгөөр зочлон эмнэлгийн үйл ажиллагаатай биечлэн танилцахаас гадна гарын эрүүл ахуй сахих дадалд суралцах, амилуулах суурь тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олж авсан юм.