Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргалаас эмнэлгийн ачаалал болон хүний нөөцөө хэрхэн тогтоон барьж буй талаар тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа хувийн эмнэлгүүдийн тоо нэмэгдэж байна. Хувийн эмнэлгийг улсын эмнэлэгтэй харьцуулахад цалин хөлс, ажиллах орчин нөхцөл сайн байгаа учраас хүний нөөцөө тогтоож барихад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна уу?
-Хүний нөөцөө тогтоон барихын тулд олон талаар хичээж байна. Өмнө нь ажилчдын цалинг төрийн үйлчилгээний цалингийн шатлалаас дээш гаргаж болдоггүй байсан учраас цалинг тодорхой хувиар нэмэхийн тулд харилцаа хандлагын доголдол гаргаагүй ажилтанд 30 хувийн нэмэгдэл олгож байсан. Харин гүйцэтгэлийн санхүүжилт олгодог болсноор цалингийн доод шатлалыг тогтоогоод өгчихсөн учраас үндсэн цалингаа нэмэх боломжтой болсон. Тиймээс 2022 онд ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувь хүртэл нэмж чадсан. Үндсэн цалин нэмэгдэхээр илүү цаг, зэргийн нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдлүүд дагаад өсч байна. Манай эмнэлэг намайг анх захирлаар томилогдож байх үед жилдээ 14 тэрбум төгрөгийн цалингийн төсөвтэй байсан бол энэ жил бол 28 тэрбум төгрөг болж өссөн. Энэ бол ажилчдаа тогтоох, хүний нөөцөө бэхжүүлэх, урамшууллаа нэмэх бодлого баримталж ажиллаж байгаагийн нэг илэрхийлэл. Мөн өнгөрсөн жил манай байгууллага тодорхой хэмжээгээр ашигтай ажилласан учраас гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон орлогоосоо 30 хүнд орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөгийн урамшуулал олгож нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн.
ТҮҮНЧЛЭН 2019 ОНД САЙН АЖИЛЛАСАН АЖИЛЧИДДАА 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОСОН БОЛ, 2022 ОНД 3,5 ТЭРБУМ ТӨГРӨГ, ЭНЭ ЖИЛ 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОСОН БАЙНА.
Нэг ёсондоо ажилчдынхаа нийгмийн байдлыг тодорхой хэмжээгээр дээшлүүлэхийг хичээж байгаа ч инфляци өндөр байгаагаас үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь цалингийн нэмэгдэл ажилчидад бодитой тусахгүй байна. Хоёрдугаарт, эмнэлгийн төсөв нэмэгдэхийн хэрээр үйлчилгээгээ сайжруулахад анхаарч байна. Өмнө нь зарим иргэд эмнэлэгт хэвтэхдээ зарим төрлийн эм, тариа, эмнэлгийн хэрэгслийг гаднаас худалдаж авдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлээд гаднаас эм тариа авахуулахаа больсон. Түүнчлэн шархны лент, дэвсдэг памперс, бинт гэх мэтчилэн ахуйн хэрэглээний зүйлийг ч 100 хувь эмнэлгээс хангадаг байхыг хичээж байна.Өөрөөр хэлбэл, эмчилгээ үйлчилгээний чанар аюулгүй байдалд нэлээн том ахиц, дэвшил гарсан.
-Иргэд улсын томоохон эмнэлгүүдэд үзүүлэх цаг авах хүндрэлтэй, ачаалал их байгаа талаар шүүмжилдэг. Танай эмнэлгийн ачаалал хэр их байна?
-Үнэнийг хэлэхэд манай эмнэлгийн ачаалал маш их байдаг. Монгол Улсын эмнэл зүйн, анагаах ухааны хамгийн том ачааллыг нуруундаа үүрч яваа эмнэлэг гэж хэлж болно. Манай эмнэлэг улсын хэмжээний 16 төрлөөр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, бусад эмнэлгүүд оношилж, эмчилж чадахгүй байгаа иргэд манай эмнэлэгт ирдэг гэсэн үг шүү дээ. Гэхдээ ачаалал бол харьцангуй ойлголт. Зарим тасаг нэгжүүд дээр хэвтэх орны хүлээгдэл 2-3 сарын хугацаатай байдаг бол зарим тасаг нэгжийн ачаалал бага учраас тухайн өдөртөө хэвтэн эмчлүүлэх ч тохиолдол бий. Тэгэхээр ачааллын хувьд тухайн тасаг нэгжийн зохион байгуулалтаас хамаардаг. Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний системд 13-ын А маягт үйлчилдэг байсан. Энэ ямар учиртай маягт байсан гэхээр тухайн иргэн ямар нэгэн байдлаар өвдсөн тохиолдолд сум, хорооныхоо анхан шатны эмнэлэгт хандаж үзүүлэх ёстой. Хэрэв анхан шатны эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй бол дараагийн шатлалын буюу аймаг, дүүргийн эмнэлэгтээ ханддаг. Тэнд эмчлэх боломжгүй бол лавлагаа шатлал буюу улсын төв эмнэлгүүдэд ханддаг тогтолцоо байсан. Гэтэл энэ жилийн хувьд гүйцэтгэлийн санхүүжилт ЭМД-ын систем өөрчлөгдсөнтэй холбоотой 13-ын А маягтыг санхүүжилтэй нь уяж өгсөн. Өөрөөр хэлбэл 13-ын А маягттай иргэд лавлагаа шатны эмнэлгүүдээс тусламж үйлчилгээ авч, түүн дээр нь үндэслэж ЭМД-ын сангаас санхүүжилт олгодог болсон. Өмнө нь 13-ын А маягт нэр төдий байсан гэж хэлж болно. Тус маягтыг авахыг хүссэн хэн бүхэнд бичээд өгчихдөг байсан бол санхүүжилттэй нь уяж өгснөөр дүүргийн эмнэлгүүд ч иргэддээ үйлчилгээ үзүүлж, санхүүжилтээ авахыг эрмэлздэг болсон. Тиймээс 13-ын А маягтыг хүн бүрд бичиж өгөхөө больсон. Тухайлбал, манай эмнэлэг өмнө нь бүх иргэдээс тус маягтыг шаарддаггүй байсан бүх хүнээс шаарддаг болсон. Энэ байдал нь эргээд иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд багахан хүндрэл, чирэгдэл үүсгэсэн.
ҮҮНЭЭС ҮҮДЭН ИРГЭДЭЭС ШҮҮМЖЛЭЛ ИХ ДАГУУЛСАН УЧРААС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ШИЙДВЭРЭЭР 13-ЫН А МАЯГТЫГ ЦУЦАЛСАН. ТИЙМЭЭС ОДОО МАНАЙ ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ХЭН БҮХЭН ШАТЛАЛ АЛГАСААД ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН НЬ ЭРГЭЭД ЭМНЭЛГИЙН АЧААЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА.
Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд үзүүлээд тэндээ эмчилгээ үйлчилгээ авах боломж байсаар байтал манай эмнэлэгт ирж ачаалал, төвлөрөл үүсгэж байна. Тиймээс ЭМДС-аас дүүргийн эмнэлэг болон улсын нэгдсэн эмнэлгийн санхүүжилтийг өөр дүнгээр тооцож шатлал, шатлалын эмнэлгээр үзүүлдэг байх тогтолцоо бүрдүүлэхийг хичээж байна. Ер нь хүн аливаа шинэчлэлд амархан дасан зохицдоггүй эхлээд заавал шүүмжлэлтэй байдлаар ханддаг. Гэтэл зөв зам руугаа явж байгаа зүйлээсээ ухарсан үйлдэл гаргах тохиолдол сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна.
-Та 13-ын А маягт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоонд байх ёстой зүйлийн нэг гэж хэлэх гээд байна уу?
-Ер нь бол 13-ын А маягт дэлхийн аль ч улс орон, эмнэл зүйн практикт байдаг асуудал. Үүний үр дүнд эмнэлгийн ачаалал, төвлөрлийг сааруулж эмнэлгүүд өөр өөрийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, дэлхийн улс орнуудад яг манай эмнэлэг шиг томоохон эмнэлгүүд улсын хэмжэний хүнд хагалгаа, эмчилгээг үзүүлж, бусад үед эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа хийдэг. Гэтэл анагаах ухааны хөгжлийг тодорхойлж явах ёстой байгууллагууд өдөр тутмын ачаалалаа дийлэхгүй байгаа нь гашуун боловч үнэн.
Эх сурвалж: www.dobu.mn