Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан УНТЭ-ийн ЦЭСЧШСТ-ийн сувилагч О.Жагцалдоломтой ярилцлаа.
-Олон мэргэжил дундаас яагаад сувилагчийн мэргэжил сонгосон юм бэ. Энэ тухай ярилцлагаа эхэлье?
-Анагаахын чиглэлийн л хүн болох бодолтой байсан. Тиймээс 2013 онд хими биологийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Эмчийн ангид орох гэхээр маш олон жил суралцаж, хугацаа их шаардах болохоор сувилагч болохоор шийдсэн. Гэр бүлийнхэн маань ч нөлөөлсөн ч гэж хэлж болно. Эмнэлэг бараадсан хүн болгох бодолтой байсан. 2017 онд Олон Улсын Улаан Баатарын Их Сургуулийг сувилагч мэргэжилээр төгссөн. Төгссөн жилийнхээ зун ажил хайж явж байхдаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт анкет бөглөж эрчимт эмчилгээний тасагт 14 хоног дагалдан хийж байгаад Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвд хуваарилагдан ажлын гараагаа эхлүүлсэн. Туршлагатай хамт олон маань надад ажлыг маань зааж сурган, зөвлөж чиглүүлж өгч байлаа. Энэ хамт олноосоо суралцаж, хамтран ажиллаж явсаар одоо Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн нэгэн гишүүн болон ажилаад явж байна. ЦЭСЧШСТ нь хэвтэн эмчлүүлэх, хими эмчилгээний хэсэг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг гэсэн гурван хэсгээс бүрддэг.
-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг Монгол Улсад ганц эмнэлэг хийдэг нь УНТЭ. Энэхүү хагалгаанд сувилагчийн үүрэг оролцоо их байдаг гэсэн. Энэ талаар өгүүлвэл?
-Цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа нь урт хугацааны эмчилгээ шаарддаг учраас эмчлүүлэгч болоод дэргэд нь буй эмч, сувилагч бид нараас ч сэтгэлийн их хат, тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Сувилагч бид нар эмчлүүлэгчтэй цуг цаг хугацааг эмнэлгээс гаран гартал хамт байж сэтгэлзүй болоод биеийн байдлыг анзаарч аяга цай ууж, халбага хоол идэхэд нь хүртэл баярлаж, сэтгэл санаа нь хямарсан үед дагаад хямарчихгүйг хичээж, тайвшруулна. Сувилагч бид бүхний үүрэг ер нь их. Эмчилгээ хийхээс гадна асаргаа, сувилгаа хийнэ, сэтгэл зүйг тайван байлгаж ярилцана. Фильтртэй ариун өрөө учраас гаднаас ар гэрийнхэн битгий хэл эмнэлгийн ажилчид ч тэр болгон орох боломжгүй байдаг. Тиймээс секунд, минут бүр сонор сэрэмжтэй, хянамгай хандахгүй бол болдоггүй.
-Гадны хоёр ч улсад мэргэжил дээшлүүлсэн байдаг. Энэ нь ямар давуу тал бий болгож байна вэ?
-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлээр эмч, сувилагч нар анх БНХАУ-ын Бээжин хотын цэргийн эмнэлэг рүү сургалтаар явж эхэлсэн. Түүнээс хойш Солонгос улс, Турк, Энэтхэг зэрэг орнуудад одоо ч мэргэжил дээшлүүлсээр байгаа. Миний хувьд Турк улс, Солонгос улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Хүний алтан амь хариуцаж ажиллаж байгаа бид бүхний хувьд байнга суралцаж мэдлэгээ тэлж, дэлхийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэн ажиллах шаардлагатай байдаг.
-Сувилагч мэргэжлийн тань хамгийн том бахархал юу вэ?
-Миний хувьд цусны үүдэл эсийн энэ том багт ороод гар нийлэн ажиллаж байгаа минь хамгийн том бахархал санагддаг. Сувилагч мэргэжилээрээ 2-3 жил ажиллаж, дадлагажсаны дараа цусны үүдэл эсийн багт орж ажилласан. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах нийт 30 гаруй хагалгааг амжилттай хийснээс миний бие 14 тохиолдолд гар бие оролцон ажилласан байна.
-Харин эсэргээрээ халширмаар хэцүү зүйл нь юу вэ?
-Нэгэнт сувилагч мэргэжлийг сонгоод суралцаад, ажиллаж байгаа болохоор мэргэжлийн хувьд харьцангуй гайгүй. Харин хэцүү үйлчлүүлэгч л хамгийн хэцүү санагддаг. Бүхий л зүйлд бухимдаж, уураа гаргачих гээд байдаг хүмүүс байдаг. Сувилагч, эмч ч гэсэн бусдын адил эмзэглэнэ, өвдөнө, шанална. Иймээс сувилагч мэргэжлийн ур чадвараас гадна, сэтгэлийн хатуужилтай, тэсвэр тэвчээртэй байх шаардлагатай байдаг.
-Цаашдаа юуны төлөө зорьж байна вэ?
-Ирэх намар BMT-ийн ес дэх удаагийн олон улсын хурал Монгол Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд явж байгаа. Цаашид цусны үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлийн үйл ажиллагаа, хөгжил дэвшилд гар бие оролцон өөрийн хувь нэмрээ оруулж олон эмчлүүлэгчдийг эдгээж, хайртай хүмүүстэйгээ он удаан жил амьдрахад нь бага ч гэсэн хувь нэмрээ оруулан ажиллах болно.
-Энэ мэргэжлээр ажилласнаас хойшхи хэзээ ч мартагдашгүй сайхан мөч гэвэл юуг нэрлэх вэ?
-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багт орж ажилласны дараагаар хамгийг анхны эмчлүүлэгч маань хүндрэлээ даваад, эдгээд, “Баярлалаа” гээд эмнэлгээс гарах мөч хамгийн сайхан байсан. Миний хувьд анхны тохойлдол болохоос биш манай багийн хувьд 10 гаруй тохиолдлыг ажилттай хийгээд ард нь аль хэдийнэ гарсан.
-Сувилагч нар өндөр цалинтай гадагшаа гарч ажиллах боломж байдаг юм билээ. Энэ талаар бодол бий юү?
-Гадагшаа явах ийм боломж байгааг сонсож байсан. Гэхдээ миний хувьд одоогоор гадагшаа явах бодол байхгүй. Энэ багтаа үргэлжлүүлэн ажиллана гэж бодож байна.
УНТЭ-д орсоноосоо хойш энэ тасагтаа тууштай ажиллаж байна. Цаашид ажиллана гэж байна. Үүнд хамт олны нөлөө байдаг уу?
-Улсын гуравдугаар шатлалын эмнэлэгт ажиллана гэдэг миний хувьд бахархал. Хамт олон маань цус цусан бүтээгдэхүүн, хими эмчилгээ, цусны эмгэгийн талаар ойлголтгүй шинэхэн сувилагч намайг хүлээн авч зааж сурган, чиглүүлж өгсөн. Өөрсдийн мэдлэг, ур чадвараа харамгүй хайрласан ахлах сувилагч С.Цэрэнхүү, зохицуулах сувилагч Б.Батчимэг, багийн сувилагч А.Оюуномин, Т.Баярмаа, зөвлөх эмч Н.Оюундэлгэр, тасгийн эрхлэгч А.Нансалмаа болон бусад эмч сувилагч, туслах сувилагч, асрагч нартаа талархаад баршгүй. Энэ хамт олноосоо одоо ч суралцсаар явж байна.
Ярилцсан сэтгүүлч О.Эрдэнэчимэг
Эх сурвалж www.eagle.mn