Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ аяныг дэлхий нийтэд 1991 оноос эхлүүлсэн.
Харин манай улсын хувьд 1997 оноос Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх санаачлан зохион байгуулж эхэлсэн тэр үеэс хойш НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм зэрэг олон байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, бүгд ЖСХ-г устгахын төлөө нэгдэн ажиллаж байна.

Өсвөр насныхан болон залуучууд ТАҮЖСХ-д онцгой өртөмтгий бөгөөд хязгааргүй онлайн ертөнцөд чөлөөтэй үйлдэгддэг хүчирхийллийн хэлбэрүүдийн хялбар бай болж, заримдаа өөрсдөө ч мэдэлгүйгээр хохирогч, эсвэл бүр үйлдэгч болох тохиолдол гардаг. Тиймээс Монгол Улс энэ жил ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ! уриатайгаар энэхүү аяныг тэмдэглэж байна.2025 оны 12 дугаар сарны 10-ны өдөр УНТЭ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Жендерийн үндэсний хороотой хамтран тус хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” сэдвээр сургалтыг 118 эмч, эмнэлгийн удирдлагад амжилттай зохион байгуулсан.


