Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

Өнөөдөр Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

6 цаг
 4 мин унших
Өнөөдөр Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2026 оныг ‘’Олон нийтээс анги танхим-хүүхэд бүрийн сонсголыг хамгаалцгаая’’ уриан дор тэмдэглэхээр зарласан нь хүүхдийн сонсголын эрүүл мэндийг эрт үеэс хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж буй хэрэг юм.

Энэ өдрийг тохиолдуулан УНТЭ-ЧХХСМЗТасгийн эмч, резидент эмч нар хамтран олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тухайлбал Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр ангийн сурагчдад сонсгол бууралтын талаар ойлголт өгөх, сонсгол бууралттай хүүхдүүд хэрхэн сонсдог, тэдэнд өдөр тутамд ямар бэрхшээл тулгардаг талаар мэдрүүлэх зорилготой танин мэдэхүйн хичээл зохион байгуулан бичлэг хэлбэрээр багцлан олон нийтийн сүлжээнд байршууллаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь насанд хүрэгчдэд үйлчилдэг тул бид сонсголын бууралтыг эрт илрүүлэх зорилгоор бүх насны иргэдэд үнэ төлбөргүй, оочир дараалалгүйгээр сонсголын скрининг шинжилгээг амбулаторийн 310 тоотод 16:30 цаг хүртэл зохион байгуулж байгааг мэдээллээ. Уг шинжилгээгээр тухайн хүний сонсгол хэвийн эсэх, сонсголын алдагдал байгаа эсэхийг анхан шатанд тодорхойлох боломжтой юм.

Мэргэжлийн эмчийн тайлбарласнаар хөнгөн зэргийн сонсгол бууралт нь ихэнх тохиолдолд тухайн хүнд өөрт нь мэдрэгдэхгүй өнгөрөх нь элбэг бөгөөд шалгуулахаас нааш илрэхгүй байх эрсдэлтэй байдаг аж.

Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолой судлал мэс заслын тасгийн их эмч О.Байгалмаа:

“Сонсгол бууралт нь төрөлхийн болон олдмол гэсэн үндсэн хоёр шалтгаантай. Мөн сонсгол бууралт нь гадна, дунд, дотор чихний хаана буюу аль замд үүссэнээс шалтгаалан сонсголын бууралтыг эмгэг жамаар нь сонсгол сэргэх боломжтой болон сэргэх боломжгүй гэж үздэг. Жишээлбэл, гадна болон дунд чихний үрэвслийн үед шалтгааныг арилгаж, цаг тухайд нь эмчилбэл сонсгол бүрэн сэргэх боломжтой. Харин дотор чихний үрэвсэл, мэдрэлийн гаралтай эмгэгийн үед онош, эмчилгээ хоцорвол сонсгол сэргэшгүй өөрчлөлтөнд орох эрсдэл өндөр байдаг”хэмээн тайлбарлав.

Мөн тэрбээр чанга дуу чимээний нөлөөг онцлон:

“80 дБ болон түүнээс дээш дуу чимээг хүний сонсголд аюултай гэж үздэг. Жишээлбэл хэт чанга чимээнд солют буудах, онгоцны чимээ, концерт, кино үзвэр болон бууны чимээ гэх мэт багтах ба чанга дуу чимээнд олон давтамжтай өртөх үед эргэж сэргэшгүй дотор чихний сонсгол бууралт үүсдэг. Яг үүнтэй ижил удаан хугацаанд, олон давтамжтай чанга дуугаар чихэвч хэрэглэх нь дотор чихний суурийн мембраны гадна, дотор үсэрхэг эсүүдэд гэмтэл учруулдаг. Чихэвчээр байнга чанга дуу сонсох нь сонсгол бууралтад хүргэхээс гадна гэнэтийн сонсгол алдалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэдгийг анхааруулав.

Түүнчлэн гэнэтийн сонсгол алдалт нь яаралтай тусламж шаардсан цаг алдалгүй арга хэмжээ авахыг шаардсан эмгэг бөгөөд:

“Ихэнх тохиолдолд шалтгаан тодорхойгүй байдаг ба мөн вирус, гэмтэл, чанга чимээ, судасны шалтгаантай байдаг. Яагаад гэвэл чихний цусан хангамж нь маш өвөрмөц үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Гэнэтийн чанга дуу чимээ (жишээ нь бууны дуу) нь дотор чихний үсэрхэг эсүүдийг хоромхон зуур буюу 72 цагийн дотор сонсгол гэнэт алдагдахад хүргэдэг. Хэрэв ийм тохиолдолд өөрөө дур мэдэн эмчилгээ хийхгүйгээр богино хугацаанд /7 хоногийн дотор/ мэргэжлийн эмчид хандвал сонсгол сэргээх магадлал 50–80 хувь байдаг ба хугацаа алдах тутамд эргэн сэргэх магадлал төдий чинээ буурдаг. Сүүлийн жилүүдэд 5–19 насны хүүхдүүдийн дунд сонсголын бууралт нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа ч эдгээр тохиолдлын 50-иас дээш хувьд нөхөн сэргээх боломжтой байдаг аж. Тиймээс хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байгаа юм. “Хүүхдийн сонсгол хэвийн байх нь хэл яриа, суралцах чадвар, тархины хөгжилд шууд нөлөөлдөг. Иймээс хүүхдийн сонсголыг багаас нь тогтмол хянах, эцэг эх, асран хамгаалагчид сонсголын эрүүл мэндэд анхаарах нь маш чухал” хэмээн мэргэжлийн эмч онцоллоо.

ДЭМБ-аас чихэвч хэрэглэх аюулгүй дадлыг хэвшүүлэх зорилгоор 60:60 дүрэм-ийг
зөвлөсөн байдаг. Үүнд:
 Дууны түвшинг 60 дБ-ээс хэтрүүлэхгүй
 Нэг удаад 60 минутаас илүүгүй хугацаанд сонсох